Үзсэн тоо: 1046
1
“Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлал
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2012 оны 4 дүгээр сарын 2 asdf
Бид өмнө нь вэбсайтдаа Фриедрих Фребел, Мариа Монтессори, Сэлестан Фрэнэ, Вальдорф, Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухааны онол, үзэл баримтлалуудыг орчуулан нийтэлсэн  билээ. Эдгээрээс цэцэрлэгийн багш нар төдийгүй бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд бага насны хүүхэд гэгч хэн болох, бид тэдэнд хэрхэн хандах, яаж хөгжүүлж хүмүүжүүлэх ёстой вэ гэсэн тулгуур ойлголт авч, түүнийг чиг зүгээ болгон ажиллах боломжтой юм. Эдгээрийн үргэлжлэл болгон ХБНГУ-д 1970-аад оноос зарим холбооны улсын цэцэрлэгүүд баримтлан ажиллаж ирсэн “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлалыг танилцуулж байна. 

   Дүрэм журмын оронд ерөнхий хүрээ

Цэцэрлэг харахаас л өөр өөрөөр ажиллаж байгаа нь анзаарагдвал тэд нөхцөл байдалд тургуурлан ажиллах үзэл баримтлалыг баримтлан ажиллаж байгаа болно. Яагаад ийнхүү бие биеээс ялгаатайгаар ажиллах боломжтой вэ гэвэл тухайн цэцэрлэг тогтоосон дүрэм журмаар биш, харин  багш нар нь тухайн үеийн нөхцөл байдлыг цэгнэн үзэж, түүнийгээ харгалзан үйл ажиллагаагаа явуулдагт оршино.  Тухайлбал, нүүдэллэн ирж суурьшиж буй (гадаадаас цагаачид олон ирдэг) орон нутагт амьдарч буй хүүхэд тус бүрийн болон гэр бүлийнх нь амьдралын нөхцөл байдал, тэдний эрэлт хэрэгцээ, үүсгэн байгуулагч нь юуг үнэт зүйлс хэмээн чухалчлан үздэг, байгууллагын өрөө тасалгаануудын бодит байдал гэм мэт.

Янз бүрийн соёл иргэншилтэй хүмүүс цугларан суурьшсан, ажилгүйдэл ихтэй зэрэг нийгмийн асуудал нь буцалж буй аль нэг том хотын цэцэрлэгийн сургалтын ажилд тавигдах шаардлага нь хотын шинээр байгуулагдсан дүүрэгт боловсрол өндөртэй гэр бүлүүдийн хүүхэд явдаг цэцэрлэг эсвэл хөдөөгийн цэцэрлэгийнхээс эрс ялгаатай байх нь мэдээж. Энэ нь нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалыг барьж, тодорхой зорилго (бие даасан байдал, эв нэгдэл, чадавхи), тодорхой арга (нээлттэй төлөвлөлт, холимог бүлэг, гадагшаа болон дотогшоо нээлттэй байх, оролцоо)-ыг тусгасан сурган хүмүүжүүлэх ерөнхий хүрээнд ажилласнаар хэрэгжинэ. Энэ үзэл баримтлалыг барин ажиллаж буй цэцэрлэг бүр өөрийнхөө сургалтын ажлаа энэхүү хүрээний дотор зохион байгуулж, үр дүнгээ үнэлнэ. Гэхдээ байгууллагууд өөрсдөө энэ хүрээг өргөжүүлэн томъёолж, илүү тодорхой болгож болно. 


Хэрхэн үүссэн бэ?

Энэ нь 1970-аад онд бий болсон гурван янзын сурган хүмүүжүүлэх урсгалын хоорондын зөрчил маргаанаас үүссэн: а) хүүхдийг “зэмлэж сануулах“, “зав зайгүй байлгах“ аястай цэцэрлэгийн уламжлалт сургалт, б) шинэчлэлд чиглэсэн үзэл баримтлал, гэхдээ өнөөгийн бидний харж байгаагаар хэтэрхий сургуульчилсан, хүүхдийн оюун ухааны хөгжилд анхаарсан, жишээлбэл, эрт уншуулж сургахад чиглэсэн хөтөлбөр гэх мэт  в) сэтгэцийн задлан шинжлэлийн онолд суурилсан “хүүхдийн мухлаг” хөдөлгөөн (Тайлбар: ХБНГУ-д 1960-аад оны сүүлчээс улсын цэцэрлэгийн үйл ажиллагаа сэтгэлд нь нийцэхгүй байсан эцэг эхчүүд өөрсдийн санаачилгаар хувийн цэцэрлэгүүдийг олноор байгуулж эхэлсэн. Эдгээр нь дэлгүүр/мухлагт голдуу байгуулагдаж байсан тул ийнхүү нэрлэгдэх болжээ) 

 Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал үүсэн бий болоход дараах санаанууд нөлөөлсөн.

    Бразилийн сурган хүмүүжүүлэгч Пауло Фрайре (Paulo Freire) – 1921-1997. Тэрбээр ядуучуудыг бичиг үсэгт сургахдаа тэдний амьдралд хамгийн хэрэгтэй үгсээр нь  дамжуулан сургаж байсан.  Түүний  ажлын эхлэлийн цэг нь хүмүүсийн тулгамдсан асуудал, сонирхол байсан бөгөөд тэдний тухайн үеийн нийгмийн байдлыг эсэргүйцсэн эсэргүүцэлтэй уншуулж, бичүүлж сургах ажлаа холбож өгч байсан.  

    Боловсрол судлалын эрдэмтэн Саул Робинсон (Saul Robinsohn)-ны сургалтын хөтөлбөрийн онол. Робинсон аль ч түвшний сургалтын хөтөлбөрийн агуулга тухайн нийгмийн бодит байдлыг тусгах ёстой гэж үзэж байв. Тэрбээр боловсрол гэдэг нь ажил, амьдралын янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд хүнд хэрэг болдог зүйл гээд иймээс амьдралын үйл явц бол суралцах үйлийн гарааны шугам юм гэж байв.

    Америкийн сурган хүмүүжүүлэгч Жон Дэвий (John Dewey)–1859-1952 болон английн Хенри Моррийс (Henry Morries)-ийн санаа. Дэвей амьдралд ойр байх мөн суралцагч нэг бүрийн болон нийгмийн эрэлт хэрэгцээ бол сурган хүмүүжүүлэх ажилд мөрдөх гол шиг шугам юм гээд сургуульд тус тусдаа явагдах хичээлүүдийн оронд төсөлт ажлын арга үр дүнтэй гэж үзэж байсан. Моррийс хамт олонд суурилсан боловсрол  (community education/хүсэлт: энэ үгийн оновчтой орчуулгыг хэлж өгч туслах хүн байвал их баярлана)-ыг үүсгэн санаачилсан бөгөөд 1930-аад оны үед амьдрал ба суралцахуй бол харилцан хамааралтай нэг зүйл гэж авч үзэхийг хичээж байв.

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах ажиллагаа нь хөгжлийнхөө явцад анх бий болсон цэцэрлэгийн сургалтын өөрчлөлт шинэчлэлтэй нягт холбоотой явсаар ирсэн. Одоо ч гэсэн сүүлийн үеийн  хэлэлцүүлэгүүдэд нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь хүчирхэгээ харуулсаар байгаа: Бие даасан байдал, хамтран ажиллах чадвар, хүүхэд өөрийнхөө арга замаар аливааг эзэмших чадваруудыг мэдлэгт тулгуурласан өнөөгийн нийгэмд амжилттай зохицон явахад шаардагдах үндсэн чадавхи гэж үзэж байна. Үүгээрээ нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь боловсролд илэрхий эрэлт хэрэгцээтэй байгаа юм.

Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлал нь
 боловсролд илэрхий эрэлт хэрэгцээтэй байна.

Энэ үзэл баримтлалыг баримтлахдаа ямар ч хамаагүй агуулгаар ажиллана гэсэн үг биш. “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” гэдэг ухагдахууныг нарийн ойлгоогүйгээс практик дээр өөр өөрийнхөөрөө бодож, буруугаар хэрэглэх тохиолдол цөөнгүй байдаг. “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” гэдэг нь хүүхэдтэй харилцаж байх явцад тэднээс тохиолдлоор аяндаа гарч ирж буй эрэлт хэрэгцээ, сонирхлыг тусган ажиллана гэсэн үг. Гэхдээ “нөхцөл байдалд тулгуурлан ажиллах”-ад хүүхдийн эрэлт хэрэгцээ гэдгийг сэтгэл зүйн үүднээс тэдний хөгжлийн эрэлт хэрэгцээг авч үзнэ үү гэхээс биш тохиолдлоор гарч ирж байдаг бүхий л хүсэлтэй нь адилтган үзэж болохгүй юм. 

“Нөхцөл байдал” гэсэн ухагдахууны тухай

“Нөхцөл байдал” гэсэн ерөнхий ухагдахуунаас болоод ойлголтын зөрүү бишгүй гардаг. Хүмүүжүүлэгч багш өдөр тутам хүүхдүүд янз бүрийн үйл явц, нөхцөл байдалд байгааг хардаг: Энд нэг нь ус, элстэй хутгалдан суухад, тэнд хоёр нь муудалцаж байна, гэтэл бас нэг хүүхэд хагас бүтэн сайн өдрүүдэд юу болсныгоо ярина. Ихэнхийг нь багш сонсож мэдээд өнгөрнө, харин заримд нь өөрийн эрхгүй оролцоно. Энэ явцад багш том, жижиг аль нэг төсөлт ажил болгон ажиллахад энэ л хүүхдэд тун ач холбогдолтой юм байна гэдгийг анзаарах, сонгох чадвартай байна. Энэхүү ач холбогдол бүхий үйл явц (түлхүүр үйл явц)-аас хүүхдэд чухам юу хэрэгтэй байгааг багш мэдэрч, олж харна, түүнээсээ сургалтын чухал хэрэгцээт агуулгуудыг сэдэж гаргаж ирнэ. Тэрхүү агуулгаар ажиллах явцад хүүхэд өөрийнхөө өдөр тутмын амьдралыг идэвхтэйгээр зохицуулах туршлага хуримтлуулж, мэдлэг, чадвар, дадал эзэмшинэ, энэ нь тэд ирээдүйд ажил, амьдралаа авч явах чадвартай болоход хувь нэмэр оруулна.     
Тэгэхээр “түлхүүр үйл явц” бол нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үйл ажиллагааны эхлэлийн цэг юм. Аль нь чухам  “түлхүүр үйл явц” вэ гэдгийг сонгоход шийдвэрлэх хүчин зүйл бол хүүхэд аливааг ойлгох, хамтран хийж бүтээх, өөрчилж үзэх боломжтой байхад оршино.  

Үргэлжлэл бий.

Ном зүй:
Dietmar und Regine Boehm, Der Situationsansatz,
Kindergarten Heute, spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, , s.50-52, Verlag Herder, Freiburg


Орчуулсан: Н.Норжхорлоо
[ 2 ] админ202.170.67.XXX
2012 оны 4 дүгээр сарын 20
Баярлалаа. Бид хичээл ажиллах болно.
[ 1 ] ХУД "Оргил "цэцэрлэгийн багш нар 49.0.142.XXX
2012 оны 4 дүгээр сарын 19
СӨБ ийн талаарх сонирхолтой сайхан мэдээлэл өгч байдаг танай хамт олон болон Н.Норжхорлоо багш танд баярлалаа.Манай хамт олон танай сайтаас бусад орнуудын бага насны хүүхдийг хөгжүүлэх шинэлэг арга барил, үзэл баримтлалуудыг өөрийн төрөлх хэл дээрээ уншиж танилцан, мэдлэгээ баяжуулж байгаадаа баяртай байна. Ажлын амжилт хүсье.Үргэлж хамтдаа ХУД "Оргил"цэцэрлэгийн Заах аргын нэгдэл

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
БНСУлсын хувийн цэцэрлэг 3
2014 оны 11 дүгээр сарын 17
″Skeleton″ навчнууд
2014 оны 11 дүгээр сарын 14
БНСУлсын хувийн цэцэрлэг 2
2014 оны 11 дүгээр сарын 14
Хүүхдийн яриа
2014 оны 11 дүгээр сарын 14
ЭЭ урт эгшиг
2014 оны 11 дүгээр сарын 13
бид
2014 оны 11 дүгээр сарын 13
БНСУлсын хувийн цэцэрлэг 1
2014 оны 11 дүгээр сарын 10
Багш
2014 оны 11 дүгээр сарын 3

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 27
Өнөөдөр 3849
Өчигдөр 3935
Энэ 7 хоногт 14640
Энэ сард 100317
Өнгөрсөн сард 121680
Нийт зочилсон 2324397

Сүүлийн сэтгэгдлүүд