Үзсэн тоо: 13190
8
5
Хичээлийн судалгаа
Нийтэлсэн хэрэглэгч: admin   2013 оны 2 дугаар сарын 18 asdf
Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн бага боловсролын менежер Б.Өлзиймөнхийн “Хичээлийн судалгаа” илтгэлтэй танилцана уу.
Оршил
Монгол улсын боловсрол нь нийгэм түүхэн нөхцөлийнхөө хэрэгцээ шаардлагын дагуу хөгжлийн тодорхой үе шатуудыг туулан шинэчлэн өөрчлөгдсөөр байна. Монгол улс 1921-1990 он хүртэлх 70 орчим жилд социалист нийгмийн боловсролын тогтолцоог үүсгэн төлөвшүүлж, орчин үеийн шинжлэх ухааны судлагдахуун мэдээлэлд суурилсан агуулга арга зүй бүхий боловсролыг иргэддээ эзэмшүүлж байсан бол 1990 оноос хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм, зах зээлийн харилцаанд нийцүүлэн боловсролын тогтолцоогоо ч,  агуулга, арга зүйгээ ч шинэчилсээр ирлээ.

Бага дунд боловсролын стандарт ба киррикюлимийг хөгжүүлэх үзэл баримтлал 2002 онд батлагдан 2005-2006 оноос цогц чадамжид суурилсан боловсролын шинэ стандарт, сургалтанд албан ёсоор үндэсний хэмжээнд мөрдөгдөх болсон билээ. Үүнийг Монголын боловсролын хөгжлийн түүхэнд онцгойлон тэмдэглэж, хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн үйл явдал гэж үзэж болно. Учир нь боловсролын шинэ интитутаар цогц чадамж арга хандлагад суурилсан зорилго, агуулга, арга зүй, үнэлгээ бүхий боловсролыг нийт хүн амдаа эзэмшүүлэх үйл хэрэг албан ёсоор эхэлсэн юм. Иймээс боловсролын хөгжлийн энэ онцгой үеийн шинэчлэлийн бодлого, стратеги, үйл ажиллагааг чухамхүү бага, дунд боловсролын шинэ стагдарт, сургалтын хөтөлбөрийг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэхэд төвлөрүүлж, Монгол улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-г боловсруулан батлуулаад байгаа билээ. Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх бүх нийтийн үйл хэргийн өгөөж нь эцсийн дүндээ сургалт явуулж байгаа багш нэг бүрээс шууд хамаарна.

“Багш бид аль ч нийгэмд боловсролоор эзэмшсэн мэдлэг чадвараа хэрэглэн, амьдралд тохиолдох асуудлуудыг шийдвэрлэж чадах чадвартай, өндөр ёс зүйтэй, бүтээлч иргэн бэлтгэн гаргах нь чухал болоод байна.

Хөгжлийн зүй тогтлын дагуу шинээр гарч буй шинэ шаардлагад нийцүүлэн хүүхэд яаж суралцаж, хэрхэн хөгждөг, зүй тогтлыг илрүүлээд дараа нь тэр зүй тогтолд нийцүүлэн багш хэрхэн сургах арга зүйгээ шинэчлэх хэрэгтэй.  Иймд хичээлийн анализ хийдэг уламжлалт аргадаа ч өөрчлөлт хийх шаардлага гарч байна.

Судалгааны зорилго: Багшийг үнэлж дүгнэж, шүүмжлэх биш, багшийн заасан тухайн хичээлийн агуулга, арга зүйг сайжруулах, сурагчдаар мэдлэг бүтээлгэн суралцах үйл ажиллагааг дэмжсэн арга зүйг боловсруулах арга замыг хамтын хүчээр эрж хайхад оршино.

Судалгааны зорилт:
•    Багш нарын заах арга зүйг сайжруулах, багшлах ур чадварыг хөгжүүлэх, киррикюлимийг боловсронгуй болгох
•    Суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хичээлд оролцох сонирхлыг татах, тэдэнд туслах, суралцах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх
•    Хичээлийг судлах явцад хүүхэд өөрийнхөөрөө бодох, сэтгэх чадварыг зөв чиглүүлж хөгжүүлэх

Хичээлд судалгаа хийнэ гэдэг нь хичээлд бэлтгэх, хичээлийн үйл явцыг бүхэлд нь  тодорхой аргачлалаар  аль болох тасралтгүй  ажиглаж, дэлгэрэнгүй мэдээ баримт цуглуулан задлан шинжилгээ хийж, дүгнэлт гарган багшийн арга зүйг сайжруулахад зөвлөн туслах үйл явц юм
Судалгааны ач холбогдол, шинэлэг тал: Хичээлийн судалгаа- гэдэг нь багш нарын багшлах ур чадвар, арга зүйгээ системтэйгээр хөгжүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа юм гэсэн байна.

Судалгааны арга: Ажиглалт, ярилцлага

Судлагдсан байдал
Хичээлийн судалгааны энэ арга ажиллагаа нь Японд 100-аад жилийн өмнө явагдаж эхлээд, 1990 онд Америкийн бага ангийн математикийн хичээлд нэвтэрчээ. Америкт хэрэгжиж боловсронгуй болж, буцаад Япондоо хэрэглэгдэх болжээ. Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төсөл 3 жилийн турш хэрэгжин, тодорхой үр дүнд хүрсэн тул 2 дахь үе шат нь “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” нэртэйгээр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Булган, Завхан аймгуудад үргэлжлэн хэрэгжиж байна. Тус төсөл амжилттай хэрэгжиж, багш нарын хамтын ажиллагааны үндсэн дээр ээлжит хичээлийн судалгааг, засан сайжруулж, өгөөжийг нэмэгдүүлэн, багшийн арга зүйн шинэчлэлд тодорхой бодит дэмжлэг үзүүлсэн “Хичээлийн судалгаа”-г нэвтрүүлэн, хэрэгжүүлэхээр БСШУЯ болон АБСГ-ын 2010-2011 оны хичээлийн жилийн зорилтод тусгасан тул сургууль, багш нар үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлж байна.

Дэвшүүлж буй асуудал
Багш бүрт өөрийн гэсэн заах арга байдаг бөгөөд түүнийг “тордож сайжруулбал“ олны хүртээл болж боловсролыг хөгжүүлэхэд их хувь нэмэр болох чухал ажил болно.

Онолын хэсэг

1.1 Хичээлийн тухай ухагдахуун, түүний онцлог
Оросын нэрт эрдэмтэн М.Н.Скаткин “Усны бяцхан дусалд аварга том нар багтан харагддагийн адил сурган хүмүүжүүлэх процессийн бүх тал хичээлд багтдаг” гэж сургасан байдаг. Хичээл нь хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэн төлөвшүүлэх зорилго, чиглэлтэй .тодорхой хугацаанд явагддаг багш суралцагчдын хамтарсан бүтээлч үйл ажиллагааны нэг хэлбэр юм.

Хичээлийн үүрэг зориулалт
    Хичээл нь сурагчдад тодорхой хэмжээ/стандарт/-ний мэдлэг, чадвар төлөвшүүлнэ.
    Бие дааж суралцах арга барил, бүтээлч чадвар дадал эзэмшүүлнэ.
    Хичээлээр суралцагчид өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө авьяас чадварыг нээх арга ухаанд сурна. Суралцагчдыг бусадтай хамтран шийдвэр гаргах чадварт сургана.

Хичээлд тавигдах шаардлага
    Хичээл амжилттай болох эсэх нь багш түүнд тавигдах шаардлагуудыг хэр дагаж мөрдөж биелүүлэхээс шалтгаалдаг. Хичээлд тавигдах шаардлагыг дотор нь: еранхий ,сэтгэл зүйн,дидактик,эрүүл ахуйн зэргээр ангилдаг.

Хичээлд тавигдах ерөнхий шаардлага
    Сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх ухааны зарчимд тулгуурласан байх
    Шинжлэх ухаанч байхын зэрэгцээ танин мэдэхүйн үе шатанд тулгуурлагдсан байх
    Суралцагчдын эрэлт хэрэгцээ, сонирхол, сурах чадавхи, амьдрал орчноос олж  авсан мэдлэг туршлага дээр тулгуурлах
    Хичээл бүтэц, технологи нь уян хатан, суралцагч төвтэй ардчилсан байх

Шинжлэх ухаанч байх шаардлага
    Шинжлэх ухааны онол, практик хосолсон
    Антропологи, консруктивизмийн онолд тулгуурласан
    Интеграцчилсан

Хичээлд тавигдах сэтгэл зүйн шаардлага
    Суралцагчдын сурах сонирхол хэрэгцээг бий болгох
    Хичээлд хандах эерэг хандлагыг бий болгох
    Суралцагчдад сурах арга барил эзэмшүүлэхийн тулд нас бие, сэтгэхүйн онцлогийг харгалзах
    Суралцагчдын идэвх санаачлагыг дэмжих, тэднийг сурч танин мэдэх төрөл бүрийн бүтээлч үйл ажиллагаанд татан оролцуулах
    Суралцагчдын хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэх

Хичээлд тавигдах дидактик шаардлага
    Ээлжит хичээлийн зорилго, зорилтыг багш оновчтой тодорхойлж тэдгээрийг суралцагчдад танилцуулах
    Тухайн хичээлээр суралцагчдын ажиллах даалгаврын төрөл хэмжээг оновчтой сонгож авах
    Суралцагчдаас хариу мэдээлэл /эргэх холбоо/ авах арга хэлбэрээ урьдчилан бэлдэх
    Хичээлийн 30-40 минутаар хийх бүх төрлийн үйл ажиллагааг оновчтой хуваарилж бүрэн дүүрэн ашиглах
    Хичээл практик ач холбогдолтой байх, хэрэглээг гол болгох

Эрүүл ахуй, зохион байгуулалтын шаардлага
    Анги танхимын агааржилт, дулаан, гэрэлтүүлэг, тоосжилт зэрэг нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байх
    Хичээл бүтэц зохион байгуулалт, суралцагч төвтэй уян хатан байх
Хичээлд тавигдах эдгээр шаардлагууудыг хэрэгжүүлснээр нэгж хичээл үр дүнтэй, чанартай явагдана.

Ээлжит хичээлийн чанар
-    Агуулга
-    Зорилго
-    Зорилт
-    Арга зүй
-    Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн
-    Үнэлгээ
-    Сурах/сургах/ орчин
-    Хичээл хоорондын холбоо зэргийг цогц төлөвлөх үйл ажиллагаанаас хамаарна.

Хичээлийн судалгаа

Багшийн заах аргыг сайжруулан өөрчилж хүүхдийн хөгжлийг дэмжин сургалт явуулахын тулд тухайн хичээлд анализ хийж, багшийн үйл ажиллагаанд туслах нь чухал байдаг. Багш нарын дунд нээлттэй хичээл байнга явагддаг нь сайшаалтай ажил юм. Нээлттэй хичээлийн дараа тухайн хичээлд сууж ажигласан багш нар “шүүмж” буюу “хэлэлцүүлэг” багшийн заах арга ба хичээл явуулж байгаа үйл ажиллагааны талаар шүүмжилж ярилцдаг. Мөн аймаг, дүүрэг, хот, улсын хэмжээнд “Багшийн ур чадварын тэмцээн” зохиогдож хэдэн сарын турш чирэгдэл ихтэй, ач холбогдол багатай ажил болж өнгөрдөг билээ. Уул нь багшийн заах аргыг дээшлүүлэх, “сайн” заах арга илрүүлэх чухал ажил боловч уралдаан, тэмцээн, шагнал болоод дуусдаг. Ямар шинэ заах арга байгааг улсын хэмжээгээр сурталчилж, нийтийн хүртээл болох ажил нь орхигддог. Хичээлд суухдаа асуултын дагуу протокол хөтөлж үзсэн. Эдгээр асуултуудыг жагсаавал:

1.    Тухайн бүлэг сэдвийн агуулгад эзлэх байр суурь. Тухайн бүлэг сэдвийн өмнөх ба дараах хичээлийн хувьд ямар ач холбогдолтой байгааг ойлгосон эсэх
2.    Тухайн цагийн хичээлийн тухайн бүлэг сэдэвт эзлэх ач холбогдлыг ойлгосон эсэх
3.    Тухайн хичээлийг заах явцад сурагчийг үнэлсэн эсэх, ямар аргаар хянасан бэ?
4.    Өмнөх сэдвийн агуулгыг багтаасан эсэх
5.    Хичээлийн эхэнд өнөөдрийн хичээлийн мэдэх зүйлийг хүүхдэд ойлгомжтой жишээгээр тайлбарлаж, анхаарал сонирхлыг татаж чадсан эсэх
6.    Хичээлийн цагт судлах агуулгыг тодорхой гаргаж өгсөн эсэх
7.    Сурагчдад бодох цаг хангалттай өгсөн эсэх
8.    Сурагчийн үйл ажиллагаа явуулах цагийг хангалттай өгсөн эсэх
9.    Сурагчийн олон янзын яриаг зөв ашиглаж буй эсэх, хэрэв буруу ойлгосон бол яагаад гэдгийг багш өөрөө мэдсэн эсэх, хүүхдийн яриа ба санааг хүндэтгэж буй эсэх
10.    Буруу ойлгосон яриаг эсрэгээс нь бусад хүүхдүүд гүнзгийрүүлж ухаарч, ойлгож, судлах боломж олгож чадаж буй эсэх
11.    Сурагчид янз бүрийн яриа тайлбар, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх уур амьсгалыг бүрдүүлж чадсан эсэх, алдаанаас айлгүй суралцах боломж олгох
12.    Багшийн асуулт тохиромжтой байсан эсэх
13.    Самбар ашиглалт. Хичээл давтах үед хүүхэд самбарын бичиглэл ашиглах боломжтой эсэх
14.    Хичээлийн хэрэгслийг зөв ашиглаж буй эсэх
15.    Цаг хувиарлалт
16.    Хүүхэд суралцах үйл ажиллагааг хянах, зөвлөх талаар зөв ажилласан эсэх
17.    Уг хичээл нь дараах сэдвийн агуулгатай холбогдсон эсэх
18.    Сэдвийг зөв сонгосон уу?
19.    Сурагчид хамтран ажиллах боломжтой байсан уу?
20.    Багш, сурагчдад ямар аргаар тусалсан бэ?
21.    Багшийн тайлбарыг сурагчид анхаарч чадсан уу? зэрэг асуултууд болно.

Хичээлийн судалгаа гэж юу вэ?

Хичээлийн судалгаа буюу Жюгё- Кэнкю гэдэг нь Японы багш нарын аргазүйгээ сайжруулах, шинэчлэх, багшлах ур чадвараа хөгжүүлэх чиглэлээр явуулж буй судалгааны үйл ажиллагаа юм.

Үйл ажиллагааны онцлог
•    Багш нар цөөнхөөрөө бүлэг- хамтлаг болж хамтран ажиллана.
•    Энэ бүлэг- хамтлаг нь хичээлийг төлөвлөх, заах, ажиглах, шүүмжлэх, үйл ажиллагаа явуулна.
•    Бүлгийн багш нар судалгааны зорилгоо тодорхой болгоно.
•    Тодорхойлсон зорилготой холбоотой ажиглалт болон судалгаа явуулахад анхаарна.

Ажиллах хэлбэр
•    Судалгааны явцад бүлгийн багш нар нэгж хичээлийн төлөвлөгөөг хамтран боловсруулна.
•    Тухайн бүлгийн нэг багш нь уг хөтөлбөрөөр хичээл зааж бусад нь ажиглалт, судалгаа, хэлэлцүүлэг хийнэ.
•    Дараа нь энэ хичээлийг бүлгийн өөр нэг багш зааж бусад нь ажиглалт, судалгаа, хэлэлцүүлэг явуулна.
•    Эцэст нь уг хичээлийг заах арга зүй ба баримтлах киррикюлимийг сайжруулах үйл ажиллагааг хамтран явуулна.
•    Судалгааны дараа бүлгээрээ тайлан бичнэ. Судалгааны үед юу сурсан, мэдсэн, харсан, дараа нь ямар шинэ зорилт тавих ... гэх мэт
•    Хичээлийн судалгаа бүрт зарцуулах хугацаа харилцан адилгүй. Дунджаар нэг хичээлийн судалгаанд тухайн бүлэг хамтлаг 2-4 долоо хоног зарцуулна. 4-6 багштай бүлэг жилд дунджаар 2-3 хичээл дээр ажиллана. Хичээл тус бүр нь 2 удаа туршигдаж хэлэлцүүлэгт орсон байна.
•    Тухайн сургууль дээр багш нарт хичээл заах хэлэлцэх, заасан хичээлийн материалыг хэвлэх үйл ажиллагаа явуулах боломжтой хэд хэдэн судалгааны ажил явуулж болно.
•    Хичээлийн судалгааг бүх төрлийн хичээлээр аль ч ангид явуулж болно...
•    Ялгаатай анги, ялгаатай багш нар хичээлийн судалгааг хамтран хийж болно. Энэ нь хичээлийн гадаад, дотоод интеграц хийхэд тусална.
•    Өөр өөр сургуулиудын багш нарын бүлэг харилцан хичээл дээр сууж судалгаа хийж, материалаа солилцож болно.
•    Сургуулийн захирал, сургалтын менежерүүд нь хичээлийн судалгааны талаар зохих мэдлэгтэй байдаг учраас тэд уг үйл ажиллагаанд оролцож зөвлөгөө өгөх үүрэгтэй.
•    Хичээлийн судалгаанд эцэг эх ба сурагчдын төлөөлөл оролцож бас зөвлөгөө өгч, санал солилцож болно.

Нэг ижил хичээлийн агуулгаар олон удаа Жюгё- Кэнкю хийснээр заах арга улам сайжрах боломжтой болдог байна. Жюгё- Кэнкю нь дараах 3 элементтэй.

1.    Нэгж  хичээлийн киррикюлимийг багш нар хамтарч урьдчилан төлөвлөх
2.    Хичээл  заах, ажиглалт хийх
3.    Хичээлийн дараа нэгдсэн хэлэлцүүлэг хийх

I.    Нэгж  хичээлийн киррикюлимийн үүрэг

    Хичээлд ажиглалт хийх хүмүүст хичээлийн агуулгыг урьдчилан таниулах хэрэглэгдэхүүн болно.
    Хичээлийн зорилт ба хичээлийн урсгалыг урьдчилан тунгаах боломж олгодог. Хүүхдээс гарч ирэх асуулт, хариултыг аль болох тодорхой бичиж, тэдгээрт багш яаж хандахыг тодорхой бичих хэрэгтэй.
    Хичээлийн хэрэглэгдэхүүний ашиглалт, шинэ аргачлалыг хэрхэн хэрэгжүүлэх зэргийг судлахад судалгааны материал болно.
    Шинэ заах аргыг багш нарт таниулах, киррикюлим боловсруулах загвар болно.

II.    Хичээл  заах, ажиглалт хийх

Хичээл заах багш киррикюлим боловсруулах үедээ, ажиглалт хийх хүмүүс ажиглалтын явцдаа дараах 6 зүйлийг анхаарах нь зүйтэй.

Хичээлийн явцыг 1 хүн нь маш тодорхой хөтлөх нь зүйтэй.

1.    Хичээлийн зорилтоо биелүүлэхэд юу анхаарах вэ?
-    Зааж буй багш өөрөө хэлэлгүй, хүүхдээр заах гэж байгаа зүйлээ хэлүүлэх
-    Хичээлийн ач холбогдолтой зүйлийг тодруулах, зорилгын талаар тодорхой ойлголттой байх
-    Хичээлийн зорилгод таарсан хэрэглэгдэхүүн ба үйл ажиллагааг бодолцох
-    Хичээлийн зорилгоо хүүхдийн чадах, чадахгүй зүйлийг бодолцсоны үндсэн дээр дэвшүүлэх

2.    Шинэ агуулга руу орох үед юу анхаарах вэ?
-    Хүүхдүүд өөрсдөө шинэ агуулгын талаар асуудал дэвшүүлэхээр тийм зохиомол нөхцөл бүрдүүлэх
-    Сулавтар сурагч ч асуудлын голыг ойлгохоор байлгахад санаа тавих

3.    Багш хүүхдэд хандаж тайлбар хийх, асуулт тавих үед юун дээр анхаарвал зохих вэ?
-    Хүүхдэд ойлгомжтой үг хэллэг хэрэглэх
-    Асуултынхаа дарааллыг сайн бодолцох /хэцүү асуултаас эхлэх үү, хялбараас эхлэх үү, хийсвэрээс эхлэх үү, бодитоос эхлэх үү? гэх мэт/

4.    Хичээлийн дундуур хүүхдийн нэр цохож самбарт гаргахад юун дээр анхаарах вэ?
-    Огт гар өргөдөггүй байсан хүүхэд гар өргөвөл анхаарч самбарт гаргах үе байж болно.
-    Ямар хариултаас эхлэх вэ?Албаар буруу хариултыг сонгож тайлбарлуулах ,эсвэл ярвигтай бодолт хийсэн хүүхдийг эхэлж самбарт гаргах
-    Олон хүүхдээр тайлбарлуулах явцад эхний хүүхдийг гомдоохгүй байх.Японд сурагчид нэг хүүхдийн  дараа тайлбар хийхдээ нэмэлт гэж хэлээд гараа өргөж ярьдаг

5.   Хүүхдээс гарч ирэх янз бүрийн санал бодлыг сонсох үед юун дээр анхаарах вэ?
-    Ширээ хоорондуур явж байхдаа хүүхдийн шивнээ яриаг сонсож ,хичээлд оновчтой ашиглах
-    Алдаатай бодолт гарсан үед хичээлд үр дүнтэй ашиглаж болохыг тунгаах
-    Хүүхдээс гарсан санааг хичээлийн зорилготой холбож өгөх. Ингэснээр хүүхэд өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхдээ өөртөө итгэлтэй болно.
-    Багш төсөөлөөгүй хариу ба санаа хүүхдээс гарч ирвэл янз бүрийн аргаар хандах хэрэгтэй. Хичээлд ашиглаж болохооргүй санааг яагаад авч болохгүйг тайлбарлаад, хичээлээ үргэлжлүүлэх

6.    Хичээлийн дүгнэлт хэсэг дээр юу анхаарах вэ?
-    Юуг,  яаж дүгнэхээ урьдчилан тогтох
-    Самбарын бичиглэл ба хүүхдийн дэвтэрт бичүүлэх зүйлд анхаарах

III.    Хичээлийн дараах нэгдсэн хэлэлцүүлэг

Хэлэлцүүлэг дээр ярих дараалал нь хичээл заасан багш, ажиглагчид, зөвлөх багш байна. Хичээл заагч багш эхлээд хичээлийн зорилго, ололт дутагдлаа дүгнэж ярина. Үүний дараа ажиглалт хийсэн хүмүүс протоколын дагуу асуулт тавьж, сайжруулах талыг дурьдаж, яаж сайжруулах талаар өөрийн бодлоо танилцуулна. Эцэст нь зөвлөх багш ерөнхий санаагаа хэлнэ.

-Хэлэлцүүлгийн хөтлөгч хичээлийн зорилго, зорилтын талаар тодорхой ойлголттой байж, хэлэлцүүлгийг үр ашигтай зохион байгуулах үүрэгтэй. Ажиглагчдаас тодорхой санаа гарахгүй байвал хөтлөгч өөрөө асуудал, хэлэлцүүлгийг өрнүүлнэ.
-Хичээлийг ажиглагчид, хичээл эхлэхээс өмнө хичээлийн хөтөлбөртэй танилцаж, хичээлийн зорилгыг ойлгосон байна.
-Хичээлийн явцад анзаарсан зүйлээ хөтөлбөр дээрээ тэмдэглэнэ.
-Хэлэлцүүлэгт оролцогчид хүүхдийн алдааны шалтгааныг заавал олж анализ хийж алдааг засах талаар тунгаах хэрэгтэй.
-Хичээл заасан багшийг шүүмжлэх биш бүтээлч санааг нэмж хэлэх хэрэгтэй.

Ажиглалт хийх хүмүүсийн анхаарах зүйлс

1.    Хичээлийн зорилго илэрхий байсан эсэх
2.    Багшийн асуулт ба тайлбар оновчтой эсэх
3.    Хичээлийн агуулгыг зөв сонгосон эсэх
4.    Хүүхдийн хариулт бүрийг ангилж, оновчтой ашиглаж чадсан эсэх
5.    Цаг хуваарилалт
6.    Хүүхдээр хийлгэсэн үйлдэл бүр тодорхой зорилготой байсан эсэх
7.    Хүүхэд бүрт хүрч ажилласан эсэх
8.    Хүүхдээс гарах бодот санааг төлөвлөсөн эсэх
9.    Хүүхэд хоорондын харьцаа
10.    Хүүхдэд бодох цаг хангалттай олгож байсан эсэх

Туршилт хичээлийн үр дүн
Багш нарын онол арга зүйн мэдлэг дээшиллээ. Ялангуяа хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүйг хэрхэн бүтээхийг сайн ойлгосон. Гэвч энэ нь хурдан хугацаанд бий  болохгүй, уйгагүй хөдөлмөрийн дүнд удаан хугацаанд биелэх болно. Ээлжит хичээлийн бэлтгэл сайжрав.
Ээлжит хичээлийн хөтөлбөрийн судалгаа буюу Kyozai kenkvu-дараах цогц 5 судалгаанаас бүрдэнэ.

I.    Судлагдахууны агуулгын судалгаа
II.    Мэдлэг эзэмшилтийн судалгаа
III.    Аргазүйн судалгаа
IV.    Үнэлгээний судалгаа
V.    Хэрэглэгдэхүүний судалгаа
Судалгаа тус бүрийг дэргэрэнгүй тайлбарлавал:

I. Судлагдахууны агуулгын судалгаа
Аливаа хичээлийг төлөвлөхдөө сурагчдын өмнө судалсан хичээлийн агуулга болон цаашид хэрхэн гүнзгийрүүлэх талаар судалсныг  судлагдахууны агуулгын судалгаа  гэнэ. Мөн бүлэг сэдвийн эзлэх байр суурийг ч судлах хэрэгцээ гардаг. Судлагдахууны агуулгын бүтэц болон бусад судлагдахууны хоорондын холбоог тодруулж байж л судлагдахуун тус бүрийн мөн чанарыг жинхэнэ утгаар нь ойлгуулах нэгж  хичээлийг зохион байгуулах  боломж  бүрддэг. Ийм л хичээлээр хүүхдүүдэд анхан шатны болон өндөр түвшний асуудлыг шийдэх чадварыг эзэмшүүлэх болно.

Судлагдахууны агуулгын мөн чанарыг математикийн ухааны талаас нь авч үзэхдээ:
1.    Тухайн агуулгын түүхийг судлах
2.    Тухайн агуулгын математик утга нарийн тодорхойлт, чанар теорем, мөрдлөгийг тодруулах
Хүүхдийн боловсролд оруулах хувь нэмэр талаас нь судлагдахууны агуулгын ашиг тусыг авч үзэхдээ:
3.    Тухайн агуулгын гол  математик сэтгэлгээ хэрэглэх хэсэг нь юу вэ? гэдгийг тодруулах
4.    Тухайн агуулгыг заах нь нийгэмд хэр хэрэгцээтэй байгааг тодруулах
5.    Тухайн агуулгын ач холбогдлыг тодорхойлох
6.    Тухайн агуулгын болон хүүхдийн хөгжлийн түвшин хоорондын хамаарлыг сайн бодолцох хэрэгтэй. Тайлбарлабал:
Жишээ нь: Шулуун нь ухагдахуун бөгөөд бодит амьдрал дээр байдаггүй зүйл юм. Гэвч энэ  ухагдахууныг хүүхдэд ойлгуулах нь цаашид хэрэгцээтэй. Учир нь сэтгэлгээний элеменарчлалын үндэс нь болдог.

Математик утгыг нь  тодорхойлолт гэж ойлгож болно.
Жишээ нь: Дөрвөн өнцөгтийн дотоод өнцгийн нийлбэрийг олохдоо хоёр гурвалжин болгодог. Энэ нь хялбар зүйлээс хүнд зүйлийг бий болгож байгаа математик сэтгэлгээний нэг хэлбэр юм.
ЕБС нь хүүхдийг нийгмийн амьдралд оролцох үед тулгарах янз бүрийн асуудалд зөв хандаж чаддаг болгохыг гол зорилгоо болгодог.
Иймд судлах гэж буй агуулга   хичнээн  сонирхолтой байсан ч нийгэмд хэр хэрэгцээтэй вэ? гэдгийг бодолцох хэрэгтэй байдаг. Мөн маш олон тоо хүнд хэцүү бодлого дасгалыг ажиллуулах нь хүүхдэд үнэхээр тустай эсэхийг ч бас бодолцох ёстой.

II. Мэдлэг эзэмшилтийн судалгаа
Аливаа хичээлийг төлөвлөхдөө хичээлийн явцад сурагчдын мэдлэг         эзэмшилтийн явцыг урьдчилан төсөөлж судалсныг мэдлэг эзэмшилтийн судалгаа гэнэ. Мэдлэг эзэмшилтийн 2 төрлийн  судалгаа байдаг.

    Өмнө нь хийгдэж байсан судалгааг бага зэрэг засварлан хичээлээ улам үр дүнтэй болгоход зориулсан судалгаа
    Хичээлээ илүү үр дүнтэй болгох боломжит аргыг /шилдэг багш нар хамтран хийдэг/ бодож тунгааж хийсэн судалгаа

Хүүхдийн мэдлэг  эзэмшилтийн судалгааг 3 түвшинд судалдаг.
1.    Хичээлийн агуулгыг судлахад суурь болж өгдөг мэдлэг чадварыг хүүхдүүд эзэмшсэн байгаа эсэх
2.    Хичээлийн агуулга нь хүүхдийн хөгжлийн түвшинд таарч байгаа эсэх
3.    Хичээлийн явцад хүүхдийн мэдлэг бүтээлтийг ямар хэлбэрээр, яаж  явагдаж байгааг судалдаг.

III. Заах аргазүйн судалгаа
Аливаа хичээлийг төлөвлөхдөө судлагдахууны агуулгын болон мэдлэг эзэмшилтийн судалгаан дээр үндэслэн хичээл явуулах арга  зүйг судалсныг заах аргазүйн судалгаа  гэнэ.
•    Мэдлэг эзэмшилтийн судалгаан дээр үндэслэн хичээл явуулах арга барилаа тогтооно.
•    Судлах агуулгыг анги нийтэд хандаж заах уу? ганцаарчилж заах уу? багаар ажиллуулах уу? хос хосоор нь ажиллуулах уу? илтгэл тавих маягаар уу? гэх мэт хичээл явуулах хэлбэрийг мөн тогтоосон байна.
•    Нэг бүлэг сэдвийг судлахад оногдсон цагийг ямар байдлаар ээлжит хичээлүүдэд хуваарилах вэ? гэдэг нь маш чухал. Иймд цагийг үр дүнтэй байхаар тооцож хуваарилах хэрэгтэй.

Мөн тухайн агуулгыг ямар байдлаар таниулах вэ? хүүхдүүдийн сонирхлыг хэрхэн яаж татах вэ? Агуулгаа  олон талаас нь авч үзэж чадаж байна  уу? Тухайн судлагдахууны үр өгөөжийг дээшлүүлэхэд ямар үйл ажиллагаа  явуулах вэ? хүүхдийн “алдаа” хийх магадлалтай хэсгийг яаж төлөвлөх вэ? Түүнд  ямар хариу үйлдэл өгөх вэ? гэх мэт асуудлыг сайтар төлөвлөж судлах хэрэгтэй юм.

IV.    Үнэлгээний судалгаа
Зорилго, зорилтод анализ хийх замаар эзэмшвэл зохих цогц чадвар түвшинг тодруулах судалгааг  Үнэлгээний судалгаа гэнэ. Тухайн хичээлийн бүтэн жилийн, улирлын бүлэг сэдвийн, нэгж хичээлийн зорилгыг нэг чиглэл дор нэгтгэснээр үнэлгээг хаана, хэдийд хийх нь тодорхой болно. Зорилго нь дараах агуулгатай:

1.    Хүүхдээ ямар “хүн” болгохыг зорьж байна вэ?
2.    Юунд сургах вэ?
3.    Ерөнхий агуулга нь ямар байх вэ?
4.    Гүнзгий агуулга нь ямар байх вэ?

Түүнээс гадна  тухайн хичээлээр юуг, хэрхэн, яаж үнэлэх вэ?
•    Сурагчдын сонирхол идэвхи хандлага
•    Сэтгэн бодож  тунгааж буй байдал
•    Илэрхийлэх,тооцоолох чадвар
•    Мэдлэг ухамсар, чадварын чухам аль хэсгийг чухалчлах вэ? гэдгийг багш судалж тогтоосон байна.

Нэг цагийн хичээлийг үнэлэхдээ:
-Хичээлийн явцыг  үнэлэх, түүндээ тулгуурлаад сурагчийн оролцоо, идэвхийг үнэлэх
-Арга зүйн төлөвлөлт нь суралцагчдын идэвхи сонирхолд нийцэж буй эсэх, мөн дараагийн хичээл төлөвлөлтдөө юуг нь засах, эсвэл хэвээр  явах эсэхээ шийдэх юм.

Үндсэн хэсгийг шалгах үе шат:
Сурагчид юу ойлгосон эсэх өөрөөр хэлбэл тэдний чадварын ахицыг үнэлэх гэх мэт
Хичээлийн үйл явц, үр дүнд хийх  хяналт шинжилгээ:
Тухайн хичээлээр сурагчдад хүргэхийг зорьсон зорилтондоо хүрсэн эсэх, сурах эрмэлзлэл төрүүлсэн эсэхийг шалгах хэсэг юм.
Сурагч тухайн цагт хэр зэрэг идэвхитэй байснаар хэр ойлгосныг  нь мэдэж болно.

Хэрэв сурагч тухайн цагийн хичээл дээр идэвхигүй сул байвал хичээлийн аль хэсэгт багшийн алдаа байна гэсэн үг юм. Жишээлбэл: тухайн хичээлийг зааж байх үеийн тайлбарлах  чадвар дутагдсан нь суралцагчдын сурах идэвх бий болж чадахгүй гэх мэт.
Бага ангийн хүүхэд нийгэм, байгаль орчин, математик ухагдахууны мэдлэгтэй байдаг боловч математик алгебрь гээд хүндрэх тусам багшийн нэмэлт заавар зөвлөгөө  урам их шаардагдах болно. Сурагчид хэрхэн яаж заавал тухайн хичээл улам үр өгөөжтэй байх вэ? Гэдгийг  багш сурагчидтай хамтран бичиж төлөвлөж ярилцаж дүгнэх хэрэгтэй.

Бүлэг сэдвийн дараах шалгалт нэг цагийн туршид хэрхэн зааж буй  үе шат зэргийг тус тусад нь дүгнэх боломж олон бий. Дүгнэлт хийгээд дараа дараагийн шатанд алдаагаа дахин давтахгүй байх аргыг  багш төлөвлөж бүтээлчээр ажиллах хэрэгтэй.

V.    Хэрэглэгдэхүүний судалгаа
Өмнөх бүх судалгаан дээр үндэслэн хичээлийн ямар хэрэглэгдэхүүнийг хэзээ хаана ямар байдлаар хэрэглэх талаар судалсныг хэрэглэгдэхүүний судалгаа гэнэ. Сургалтын хэрэглэгдэхүүн нь хичээлээр зорьж буй зорилгыг биелүүлэхийн  тулд хэрэглэдэг туслах материаллаг зүйлс юм. Жишээ нь самбар, гортиг, дэвтэр, шугам, ном, өнцөг хэмжигч, үзүүлэн тарааж өгөх материал, геометрийн дүрс, геометрийн биет, өнгийн цаас....
Нэгж хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд хэдийд ямар байдлаар ашиглавал илүү үр дүнтэй вэ гэдгийг судлах хэрэгтэй. Сургалтын материал дээр тулгуурлахгүйгээр зөвхөн өөрийн судалгааны үндсэн дээр хичээл заадаг багш ховор.  Иймд сургалтын материалын үнэ цэнэ хэзээ ч буурахгүй. Эрдэмтэн багш нар өдөр бүр тооны ухааны хичээлээр шинэ нээлт хийж байдаг гэж хэлж болох юм. Зорилгодоо хүрэхийн тулд хялбар тохиромжтой сурах бичгийг сонгох нь чухал байдаг.  Сурах бичиг нь:
- тоо бодлогын
- тооны ухааны
- ерөнхий тооны ухааны
- хэсэгчилсэн гэх мэт хичээлийн зорилгыг хангахуйц түүнд зориулагдсан материал юм.

Хичээлийн агуулгын хүрээ:
- тоо ба тооцоо
- хэмжээ ба хэмжих
- дүрс хэлбэр
- тоо ба хэмжээний харьцаа
Багш тухайн сургалтын материалыг өөрийн болгож бэлтгэл ажлаа бүрэн хийсний үндсэн дээр хичээлийг явуулах хэрэгтэй.

Хичээлээ  сайжруулах үе
Хичээлийн судалгааны нэгэн чухал хэсэг нь хичээл сайжруулах үе шат бөгөөд уламжлалт сургалтын үед бид энэ чиглэлээр хамтарч ажиллахдаа төдийлөн анхаарч байгаагүй мэт санагдана. Хичээлийг хэлэлцэж ярилцсаны дараа өөрийн арга зүйд дүгнэлт хийж хичээлээ засан сайжруулах нь зөвхөн тухайн багшийн хэрэг болж үлдэх нь олонтаа. Тэгвэл хичээлийн судалгааны төгсгөл хэсэгт тухайн хичээлийг хамтран бэлтгэж дүгнэн ярилцсан хүн бүр дараа дараагийн хичээлийг илүү оновчтой зөв арга зүйгээр зохион байгуулахад анхаарч ажиллана гэсэн үг юм. Хичээлийн судалгааг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр багш сургалтын менежерүүдийн болон сургуулийн үйл ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарч байгаа нь ажиглагдсан. Яаж ажиглалт хийх вэ?

1.    Тухайн хичээлийн дидактик арга зүйг үнэлэхийн тулд  ажиглалт хийнэ.
2.    Хичээлийн үйл явцыг баримтжуулан авч үлдэнэ.
3.    Хичээлд  ажиглалт  хийхдээ  ажиглагч бүр хичээлийн явцын тэмдэглэл хөтөлнө.
4.    Ажиглагчид хичээлийн үнэлгээг хичээлийн эцэст хийж тохирох оноог өгч үнэлгээний бодит шалтгааныг тодорхой бичнэ. /яагаад 5 гэсэн оноо өгч буйг бичих/
5.    Ажиглагч нар багш болон суралцагчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, зааж зөвлөх зэрэг үйлийг хийхгүй байх.
6.    Хичээлийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр видео бичлэг хийж зураг авч болно.
Энэ 6 алхамын дагуу хичээлд ажиглалт хийнэ.

Юуг ажиглах вэ?
Багш сурагчийн үйл ажиллагаагаар ээлжит хичээлийн агуулга тодорхойлогдож буй учраас дараах ерөнхий чиглэлийн дагуу ажиглалтыг хийж болно.

1.  Багшийн үйл ажиллагаа
    Арга зүй /сурагчдын мэдлэг бүтээхэд дэмжлэг болж байгаа эсэх/
    Гаргаж буй алдаа /онолын үг хэллэг........./
    хугацаа /сурагчдад бодох, тайлбарлах, өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг хариу үйлдэл хийх хугацаа өгч байгаа эсэх/
    самбар ашиглалт, хөтлөлт / сурагчдыг сурах чадварт чиглүүлэн хөтлөж байгаа эсэх/

2.    Сурагчийн үйл ажиллагаа
         -  гаргаж буй алдаа /онолын үг хэллэг.../
-  сонирхол татсан үйл, асуулт хариулт
- өмнөх төсөөлөл
- дэвтэр хөтлөлт
- ерөнхий чадвар
- сургалтын хэрэглэгдэхүүн нь:
- сурагчдын суралцахуйд дэмжлэг болж байгаа эсэх
- шаардлага хангаж байгаа эсэх
- хичээлийн ерөнхий зохион байгуулалт


Дүгнэлт
Орчин үеийн дидактикийн хичээлийн судалгаа хийх үйл нь “Сурагчдын суралцах үйл ажиллагааг дэмжсэн арга зүй бүхий “сайн” хичээлийн менежментийг задлан шинжлэх буюу хичээлийг төлөвлөх, зохион байгуулах, үнэлж сайжруулах зорилгын дор хийгдэж буй дараах үе шатуудаас бүрдэх харилцан уялдаа бүхий нарийн нийлмэл үйл” хэмээн ойлгож болно. Үүнд:
Үйлийн алхам 1: Хичээлийн бэлтгэл үе
Үйлийн алхам 2: Хичээлээ турших үе
Үйлийн алхам 3: хичээлээ хэлэлцэх үе
Үйлийн алхам 4: Хичээлээ сайжруулах үе

Эдгээр үйл ажиллагаа нь дахин давтагдах орчилт үйл явц юм. Өөрөөр хэлбэл тухайн хичээл нь хичээл заах бүрд улам сайжирч байх тасралтгүй үргэлжлэх үйл явц би Хичээлийн судалгаа нь багш нарт ур чадвараа дээшлүүлэх, хүүхдэд илүү үр дүнтэй, өгөөжтэй үйлчилгээ хүргэхэд тусална лээ. Орчин үеийн хичээлийн гол зорилго нь багш хүүхдийн хөгжлийг дэмжигч байх ба хүүхэд орчин тойрныхонтойгоо харьцах явцдаа мэдлэг бүтээх, олж авах аргад суралцах явдал юм. Эцэст нь сайн хичээлд хэрэгтэй 2 зүйл байдаг.
1.    Хүүхдийг өөрийн хүүхэд мэт хайрлаж, өсөлт хөгжлийг хүлээцтэйгээр дэмжих багшийн халуун сэтгэл хэрэгтэй.
2.    Боловсролын ач холбогдол ба судлагдахууны талаархи мэргэжлийн мэдлэг хэрэгтэй.


Практик үйл ажиллагаа
Зорилго:
Бага боловсролын байгалийн ухааны сургалтын агуулгад тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг тусгах, арга зүйг шинэчлэх, бага ангийн сурагчдын байгальд ээлтэй сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэхэд оршино.

Зорилт:

    Бага боловсролын байгалийн ухааны сургалтын агуулга, арга зүйг шинэчлэх
    Бага ангийн сурагчдын байгальд ээлтэй сэтгэлгээг илрүүлэх, хөгжүүлэх төрөлх шинжийг хадгалах
    Суралцагчдын сурах идэвх сонирхол танин мэдэхүйг хөгжүүлэх
    Тогтвортой хөгжлийн боловсролын үндэс суурийг бага ангид тавих арга замыг тодорхойлох

Хичээлийн судалгааны баг

Багийн ахлагч Э.Золжаргал
Багийн хөтлөгч багш Б. Долгормаа

Багийн гишүүд


       Б.Байгалмаа- Эхлэл удиртгал
      А.Наранцэцэг- Агуулга
      А.Болормаа- Хэрэглэгдэхүүн
     Ш.Уламбаяр- Арга зүй
     Ц.Эрдэнэцэцэг- Хугацаа
      Л.Долгормаа- Харилцаа
      Д.Оюунтүлхүүр- Үнэлгээ, дүгнэлт
     Б.Эрдэнэцэцэг- Заагч багш

Ээлжит хичээлийн хөтөлбөрийг багаараа хамтран хийсэн бөгөөд хамт олон болон сургалтын менежер Б.Өлзиймөнхөөс зөвлөгөө авсан. Энэ удаагийн арга зүйн туршилт хичээлийг явуулахын өмнө туршигч 9 багш бэлтгэл сургалт семинаруудад хамрагдаж, арга зүйн туршигч багш нараас суралцсан.

Хичээлийн бэлтгэл үе

Зорилго: Суралцагчдын суралцахуйг дэмжсэн арга зүй бүхий ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулна.

Сонгосон хичээл-Хүн-Орчин, Сэдэв-Уур амьсгал

Хамрах хүрээ:  ЕБС-ийн 3 дугаар ангийн 8-9 настай сурагчид

Хичээлийн агуулга
Заах барилын судалгаа: Хичээл зохион байгуулах хэлбэр,сургалтын арга зүй, цагийн хуваарилалтыг урьдчилан тогтоож арга барилдаа голлон анхаарч буйг

Үнэлгээний судалгаа: Хичээлийн үнэлгээнд бүлэг сэдвийн онцлог болон бага ангийн сурагчдыг унэлэх үнэлгээнд анхаарсан.

Хичээлийн дараах нэгдсэн хэлэлцүүлэг нь хичээлийн дараа хичээл заасан багш болон хичээл ажиглагчид нэг дор цуглаж тухайн хичээлийн талаар санал бодлоо солилцох замаар явуулсан. Туршилтын хичээл 2011-12-15, 19, 20, 21-нд хичээлүүдийн хичээл ажиглалтын хуудасны үнэлгээний дундаж дүнг  туршигч багш дээр харьцуулбал:

Ажиглагчдын хичээлд үнэлгээ хийх хуудас







Хүснэгтээс харахад эхлэл, удиртгал, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, хугацаа, харилцаа, үнэлгээ, дүгнэлт дундаж оноо 5-8 оноо авч хангалттай сайн хичээл гэж үнэлэгдэхээс 3,4-8,1 оноо авсан нь сайн гэсэн үнэлэмжинд ойртсон боловч эхлэл, удиртгал 3,4 оноо нь үзүүлэлт бүрийн онооноос хамааран сайжруулах шаардлагатай,мөн сэдэл төрүүлэх, сонирхол татсан байдал, сургалтын аргыг сонгосон байдал дээр багш анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Графикийн дүнгээр: 1-р хичээл, 2-р, 3-р, 4-р хичээлд үзүүлсэн дүнгээр график байгуулан харвал харьцуулахад илүү тохиромжтой байсан. Үзүүлэлтээр 4-р хичээл өссөн хандлагатай байна.





Туршилт хичээлүүдийн үр дүнгээс:

Туршилт хичээлүүдийн үр дүнд дараах үр дүн гарлаа.
•    Туршигч багш нарын онол, арга зүйн мэдлэг дээшиллээ. Ээлжит хичээлийн бэлтгэл сайжирсан. Ялангуяа нэгж хичээлийн хөтөлбөрийг хийхдээ маш сайн бодож боловсруулах шаардлагатайг мэдэрсэн. Багшийн асуух асуултууд, хүүхдийн хариулах, гүйцэтгэх төсөөлөл, хичээлийн зорилгыг биелүүлэхэд хүүхдэд ямар цогц чадамж төлөвшихийг тодорхой бичих ёстойг ухаарсан.
•    Багш сурагчдын харилцаа эрс өөрчлөгдсөн. Багш сурагчдаа сонсож чаддаг байх, тэднийг хүндлэх, хэл яриаг нь гүйцэт сонсох, дараа нь өөрийн санаагаа дэвшүүлэх, ойлгуулах нь зүйтэй гэдгийг мэдэрсэн.
•    Хичээлийн хэрэглэгдэхүүний өнгөний сонголт хэмжээ хүүхдийн насны онцлогт тохирч байх ёстойг ээлжит хичээлийн бэлтгэл бүр дээр анхаарч байх.
•    Хүн-Орчин хичээлээр зөвхөн унших, бичих төдий биш, сонсох, зурах, дүрслэх, тайлбарлах явдал ? гэдгийг багш сурагчид ойлгосон.
•    Багш нар хамтарч ажиллавал ямар их үр дүнд хүрдэг гэдгийг мэдэрсэн. Хамтын ажиллагааны үр дүнд  арга зүйгээ сайжруулж, өөрийн сайн тал, сул талыг мэдэрч байлаа. Багш нар хичээлд яаж судалгаа хийх арга зүйг сурч, бусдад зөвлөгөө өгөх, бусдаас суралцах арга барилд суралцлаа.
•    Сайн хичээл, сайн хөтөлбөр нь багш нар хамтарч уйгагүй ажилласны дүнд бий болдог ба эдгээрийн дүнд сурагчид маань хөгжиж, бие дааж амьдрах, асуудлаа шийдэх чадвартай, өөртөө итгэлтэй болдгийг ажигласан.
Туршилт хичээлийн үр дүнд багшид гарсан өөрчлөлт:
•    Багшийн тайлбар яриа багасаж, хүүхдэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгоход илүү анхаардаг болсон. Аль болох сурагчдаар мэдлэг бүтээлгэх, удирдан чиглүүлэх тал дээр анхаарч, хичээлийн элементүүдийг хэрэгжүүлэх арга барилыг нарийвчлан төлөвлөхөд суралцаж байсан.
•    Сурагчдыг сэдэлжүүлэх үйл ажиллагаанд илүү их анхаарч хичээлийг төлөвлөх болсон.
•    Хүн-Орчин хичээлүүдийн хувьд багш туршилт хичээлийн дидактик алхмуудыг үр дүнтэй зохион байгуулах чадвар нэмэгдсэн.
•    Гарын дорх материалаар сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэхэд илүү их анхаарах болсон.
•    Багшийн зүгээс хүүхдэд тавих асуулт, хариултын хувилбарт их анхаарах болсон.
•    Багш нар хичээлийн явцад сэтгэл зүйн орчныг сайн бүрдүүлж чадсан.
•    Багш нарын хамтын ажиллагаа эрс нэмэгдсэн.
•    Хичээлийн хэлэлцүүлгийн үеэр багш нарын бие биенээсээ суралцах хандлага дээшилсэн.
•    Багш нар хичээлийн судалгаа хийх арга зүйд тодорхой хэмжээгээр суралцсан.
Туршилт хичээлээр сурагчдад гарсан өөрчлөлт:
•    Сурагчид багштай харилцах харилцаа энгийн, чөлөөтэй болж эхэлсэн.
•    Сурагчид алдаа гаргахаас айхаа больж өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх чадвар нь эрс нэмэгдсэн.
•    Бусдыг сонсож, харилцан бие биедээ тусалж, бусдыгаа дэмждэг болсон.
•    Багаар ажиллах чадвар нь нэмэгдэж багийн гишүүдийн оролцоо жигдэрч, нэмэгдэж ирсэн.
•    Туршилт хичээлийн явцад ажиглах, таамаглал дэвшүүлэх, бодсоноо чөлөөтэй илэрхийлэх, багажтай харьцах, хэмжилт хийх, дүгнэлт хийх чадварууд тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.
•    Сурагчдын зурах, бичих чадварууд өмнөхөөс сайжирч, нэмэгдсэн.
•    Сурагчид өөрсдөө бие дааж үйл ажиллагаа явуулах хандлагатай болж байсан.
•    Сурагчдын хийсэн бүтээлүүдийг ангид байрлуулсан нь тэдэнд их урам өгч байсан.

Судалгааны багийн гишүүд: Туршилт 1-р хичээлээр

•    Тухайн цагийн хичээл эхлэхээс өмнө хичээлийг боловсруулан ? гишүүн туршигч багштайгаа хамтран дараагийн заах хичээлээ хэрхэн заах талаар хэлэлцэж  хичээлийн бэлтгэл судалгааг тодорхой хэмжээнд хийсэн.
•    Судлаачийн багийн ? тухайн хичээлийг боловсруулсан хичээлд ажиглалт хийж байсан. Хичээл ажиглах явцдаа тухайн хичээлийг хэрхэн сайжруулах талаар тэмдэглэж байсан. Хичээл ажиглалтын дараах  хичээлийн хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн чанарын анализ хийх замаар хичээлийн арга зүйг сайжруулж байсан.

Судалгааны багийн гишүүд: Туршилт 2-р хичээлээр
•    Тухайн цагийн туршилт хичээл эхлэхээс өмнө долоо хоногт нэг удаа багш болон судлаачид хамтран дараагийн заах хичээлээ хэрхэн заах талаар хэлэлцэж хичээлийн бэлтгэл судалгаа хийж байсан. Хичээлийн бэлтгэл судалгааны үр дүнд хичээлийн арга зүйг сайжруулах үйл ажиллагаа хийгдэж байсан.
•    Судлаачийн багийн тухайн хичээлийг боловсруулсан гишүүд өөрсдийн боловсруулсан хичээлд ажиглалт хийж байсан. Ажиглалтын дараах хичээлийн хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн чанарын анализ хийж хичээлийн арга зүйг сайжруулж байсан.

Судалгааны багийн гишүүд: Туршилт 3-р хичээлээр
•    Тухайн цагийн туршилт хичээл эхлэхээс өмнө долоо хоногт нэг удаа багш болон судлаачид хамтран дараагийн заах хичээлээ хэрхэн заах талаар хэлэлцэж хичээлийн бэлтгэл судалгаа хийж байсан. Хичээлийн бэлтгэл судалгааны үр дүнд хичээлийн арга зүйг сайжруулах үйл ажиллагаа хийгдэж байсан.
•    Судлаачийн багийн тухайн хичээлийг боловсруулсан гишүүд өөрсдийн боловсруулсан хичээлд ажиглалт хийж байсан. Ажиглалтын дараах хичээлийн хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн чанарын анализ хийж хичээлийн арга зүйг сайжруулж байсан.

Судалгааны багийн гишүүд: Туршилт 4-р хичээлээр

•    Тухайн цагийн туршилт хичээл эхлэхээс өмнө долоо хоногт нэг удаа багш болон судлаачид хамтран дараагийн заах хичээлээ хэрхэн заах талаар хэлэлцэж хичээлийн бэлтгэл судалгаа хийж байсан. Хичээлийн бэлтгэл судалгааны үр дүнд хичээлийн арга зүйг сайжруулах үйл ажиллагаа хийгдэж байсан.
•    Судлаачийн багийн тухайн хичээлийг боловсруулсан гишүүд өөрсдийн боловсруулсан хичээлд ажиглалт хийж байсан. Ажиглалтын дараах хичээлийн хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн чанарын анализ хийж хичээлийн арга зүйг сайжруулж байсан.
•    Дээрх үр дүндээ үндэслэн багш болон судлаачийн багийн гишүүд бүгд хамтран долоо хоногт нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн хичээлийн арга зүйг хэрхэн сайжруулах талаар дахин хэлэлцэн сайжруулж байсан.

Туршилт 1-р хичээлийн явц

“Уур амьсгал” сэдэвт хичээлээр судалгаа хийж байгаа нь
Баян-Өндөр цогцолбор сургууль 3-р байр




Цаг агаар, уур амьсгал ямар ялгаатай вэ?











Ажиглагч багш нар хичээлд ажиглалт судалгаа хийж байгаа нь





Хичээлийн хэлэлцүүлэг





Сургалтын менежер хичээлийн судалгааны багт зөвлөгөө өгч байгаа нь



Багаараа 2-р шатны хичээлд бэлтгэсэн 






3-р шатны хичээлийн бэлтгэл. Багийн гишүүд хичээлээ хамтарч бэлтгэж байгаа нь



4-р хичээлийн бэлтгэл. Хамтарч хичээлээ ярилцаж байгаа нь



Сэдэл төрүүлж сонирхол татсан байдал




Туршилт 4-р хичээлийн явц: Цаг агаарыг тэмдэглэн хөтлөх



Цаг агаарын агаарт тохируулан хувцсаа яаж тохируулан өмсөх тухай ярилцаж байгаа нь



Багаараа хамтран мэдлэг бүтээснээ багшдаа тайлагнаж байна.



Сурагчид багийн нэрээ сонгож байна.



Цаг агаарыг хэрхэн тэмдэглэх тухай багш тайлбарлалаа.






Сурагчид тухайн өдрийн цаг агаарын байдлыг хүснэгтэд тэмдэглэлээ.


Судалгааны багийн гишүүд хичээлд ажиглалт хийж байна.



Хичээлийн хэлэлцүүлэг хийлээ.



Ном зүй:
1.Сорил туршилтаар мэдлэг бүтээлгэх арга зүй –зөвлөмж 1
2. Сорил туршилтаар мэдлэг бүтээлгэх арга зүй –зөвлөмж 2
3. Сорил туршилтаар мэдлэг бүтээлгэх арга зүй –зөвлөмж 3
4.Амьд биеийн хөгжлийг таниулах арга зүй- зөвлөмж 1
5.Хүрээлэн буй орчинг тоглоомын явцад таниулах арга зүй- зөвлөмж 2
6.Монгол орны бүс нутгийн байгаль ба нийгэм ахуйн
шүтэлцээг таниулах арга зүй  –зөвлөмж 3
7.Бодит юмсыг загварчлан тооцоолох үйлд хүүхдийг сургах арга зүй-зөвлөмж-1
8. Бодит юмсыг загварчлан тооцоолох үйлд хүүхдийг сургах арга зүй-зөвлөмж-2
9. Хийж бүтээх, зурах,дүрслэх үйлээр дамжуулан математикийн агуулгыг эзэмшүүлэх арга зүй –зөвлөмж 3

Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн
бага боловсролын менежер Б.Өлзиймөнх

[ 8 ] отгончимэг112.72.13.XXX
2014 оны 10 дугаар сарын 11
сохирхолтой мэдээлэл байна ажлын амжилт хүсье
[ 7 ] Өлзий103.26.193.XXX
2014 оны 7 дугаар сарын 26
сайн байна. сайн ажлаарай
[ 6 ] саруул153.165.250.XXX
2014 оны 6 дугаар сарын 10
хичээлийн судалгаа хийх гэж ийм нарийн цаг зав зарцуулсан хамтын хүчээр бүтдэг болохыг ойлгуулсан сайхан зөвөлгөө байна.хэрэгтэй мэдээлэл зөвөлгөө өгсөнд баярлалаа.Багш нарыг заах аргаа дээшлүүлэх, үр өгөөжтэй хичээл заалгахын тулд олон төрлийн бичиг цаасны ажлыг багасгавал л сайн бэлтгэсэн хичээл зааж чадна гэж боддог.бөөн бичиг цаасны хажугаар ийм нарийн судалгаа хийнэ гэдэг үнэндээ боломж муутай л даа.түрүүний зочны бухимддагыг нэг талаас буруутгах боломжгүй.
[ 5 ] багш 182.160.1.XXX
2013 оны 9 дүгээр сарын 22
Багш хүүхдэд л ойлгуулж байвал ямар ч хэлбэрээр хамгийн амар хялбар аятайхан заасан байхд л болно ш тээ юун олон онол хар бичиг цаас цаг завны гарз вэ ингэхээ больмоор арай дэндүү яршиг төвөг болсон ажлаа зогсоож өөрөөр сэтгэж ажиллаасай
[ 4 ] tuul49.0.199.XXX
2013 оны 6 дугаар сарын 24
bayrlalaa saihan sanaa ih bna. suragchidaa sedeljuulsen sanaa n ih taalagdlaa ta buhend turshlagaa huvaaltsaj bgaad ih bayrlalaa
[ 3 ] Чаагий202.179.7.XXX
2013 оны 6 дугаар сарын 4
та бүхэнд ажлын амжилт хүсье.Хичээлийн судалгааны талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэж бусдад арга туршлагаа түгээж байгаад баярлалаа
[ 2 ] Óíäðàõ 202.179.10.XXX
2013 оны 5 дугаар сарын 18
Çààñàí õè÷ýýëèéã ÷èíü ¿çëýý. Äàðàà æèë ýíý ñýäâýýð çààõäàà òóðøëàãà õóðèìòëóóëæ àâëàà .èõ áàÿðëàëàà. Àæëûí ºíäºð àìæèëò õ¿ñýí åðººå.
[ 1 ] Б.Сүрэнбадам203.91.117.XXX
2013 оны 4 дүгээр сарын 21
Энэ өдрийн мэндийг хүргэе. Заасан хичээлийг чинь сонирхлоо. Санаа авахуйц хэрэгжүүлэхүйц сайхан хичээл болсон байна. Дараа жил би энэ хичээлийг зааж өөрийн чинь хичээлтэй харьцуулж үзэх болно оо. Амьдралд чинь эрүүл энх, аз жаргал сайн сайхныг, ажилд чинь амжилт, инээд баясал хүсэн ерөөе.
ооо
2014 оны 2 дугаар сарын 24
berllooo
Жүүгээ
2014 оны 10 дугаар сарын 15
Та бүхэндээ амжилт хүсэе их санаа авлаа. Мундаг байна аа

Сурталчилгаа

Хэрэглэгчийн нийтлэл

 
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23
цэцэрлэгийн удирдлага
2014 оны 10 дугаар сарын 23
зочин
2014 оны 10 дугаар сарын 3
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
асуух
2014 оны 9 дүгээр сарын 27
багшийн үнэт зүйл
2014 оны 8 дугаар сарын 23
сайнаа
2014 оны 6 дугаар сарын 18

Хэрэглэгчийн хандалт

Онлайн хэрэглэгч 21
Өнөөдөр 2154
Өчигдөр 3903
Энэ 7 хоногт 24851
Энэ сард 99166
Өнгөрсөн сард 110773
Нийт зочилсон 2201567

Сүүлийн сэтгэгдлүүд

     
    saina
    bayrlla
    sainaa
    ha ha ha ha.zaaval ene bagshiin zurgiig taviad bhda yahv de.gehde ch h...
    saina
    togluulj uznee
    зочин
    Насанбаяр гуй монголчууд хэнээр хэлээ заалгахдаа хүрээгүй байхшүү хари...
    saina
    sahilga bat geechid 1gr shiitgeliin ugnees 1kg urmiin ug iluu ur dunt ...